Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Байгаль орчны газар зэрэг байгууллагуудын мөрдөгч, шинжээч, улсын байцаагч, ойн ангийн мэргэжилтнүүд оролцож, хохирлын үнэлгээг гаргахад тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцжээ.
Тус аймгийн хэмжээнд 2024 онд нийт 1153 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 188 нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 16.3 хувийг эзэлж байна.
Дээрх хэргүүдээс 93 хэрэгт холбогдох 132 хүн, 4 хуулийн этгээдийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 78 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн бол 2025 оны нэгдүгээр улиралд 23 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 хэрэгт шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, 9 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар