Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Улсын прокурорын байгууллагыг төв, орон нутагт байгуулах түүхэн шийдвэр гарч, 1931 онд Алтанбулагт газар тариалангийн аймаг байгуулагдсантай холбогдуулан 1931 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх яамны сайдын 60 дугаар тушаалаар аймгийн прокуророор Н.Дамдинжавыг томилсноор Сэлэнгэ аймгийн прокурорын газар нь үүсэн байгуулагдсан түүхтэй.
Улсын прокурорын 1932 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 64 тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн прокурорын газарт аймгийн прокурор 1, мөрдөн байцаагч 1, нарийн бичгийн дарга 1, аж ахуйн нярав 1, бичиг хүргэгч 1, бүгд 5 хүний орон тоотой байхаар шийдвэрлэж, тус аймгийн прокурорын газар нь ажлын байртай болж үйл ажиллагаа нь өргөжсөн байна.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1952 оны 66 дугаар зарлигаар Зүүнхараад ОСГ-ны 4 хороо захиргааг байгуулж, улмаар хүн амын төвлөрөл өсөн нэмэгдэж, 1961 оны БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 166 дугаар зарлигаар хороо захиргааг өргөтгөн хот болгосноор Зүүнхараа хотын прокурорын газар буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын эхлэл тавигджээ.
1994 онд Улсын Их Хурлын 35 тоот тогтоолоор Хөтөл тосгоныг Сэлэнгэ аймгийн харьяанд шилжүүлж, Сайхан сум болон өргөжсөнөөр 1994-1997 оныг хүртэл Сайхан, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант сумыг хариуцан Сайхан суманд суурьшин нүүдэллэн ажиллаж, улмаар Улсын Их Хурлын 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Сайхан, Сайхан, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант сумдыг харьяалсан Сайхан сум дахь сум дундын прокурорын газрыг байгуулж, 1997 онд ахлах прокурор 1, хяналтын прокурор 1, нарийн бичгийн дарга 1 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байжээ.
1956 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Сүхбаатар хотыг бие даасан хот болгоход хотын прокурорын газар болон өргөжиж, 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 222 дугаартай зарлигаар Сэлэнгэ аймгийг дахин байгуулахад аймгийн прокурорын газар болон зохион байгуулагджээ.
Эдүгээ Сэлэнгэ аймгийн прокурорын газар нь эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс олролцох чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар