ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас тус суманд үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, сум дундын Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих анги, улсын өмгөөлөгчийн төлөөлөл зэрэг 30 гаруй алба хаагч оролцлоо.

Оролцогч байгууллагын төлөөллүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалтын талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Тодруулбал, хавтаст хэргийн материал танилцуулах, шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай хүсэлт гаргах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэх, нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг гүйцэтгэхэд анхаарах асуудал зэргийг хэлэлцсэн байна.

Зөвлөгөөнд оролцогчид хууль хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, зөрчлийн болон эрүүгийн хэргийн оролцогчдын эрхийг хангах, эрүүдэн шүүхээс ангид байхад анхаарч ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн байна.