Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан хүний эрхийг хангах хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор “Хүний эрхийг хангахад төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг оролцоо” сэдэвт зөвөлгөөн, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хяналтын харьяа эрх бүхий байгууллага болон орон нутгийн төрийн байгууллагын зарим албан тушаалтнууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл зэрэг 10 байгууллагын 60 гаруй албан хаагч оролцлоо.
Зөвөлгөөнд эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхтэй холбоотой тодорхой шийдвэрийг гаргахдаа анхаарах асуудлууд, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагын оролцоо, хүүхдийн эрхийг хангахад эрх бүхий байгууллага албан тушаалтны үүрэг, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр холбогдох байгууллагаас мэдээлэл хийж, оролцогчид санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөгөөний үр дүнд хүний эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн байгууллага, албан тушаалтны хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд хамтран ажиллах, хууль хяналтын болон орон нутгийн төрийн байгууллага, хүүхдийн байгууллагад хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад анхаарах асуудлуудын талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар