Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан “Зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах” нь сэдэвт нэгдсэн зөвлөгөөн, хэлэлцүүлгийг прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
Нэгдсэн зөвлөгөөнд аймгийн прокурорын газар болон Мандал, Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорууд Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413, 433, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эрх бүхий албан тушаалтнууд, харуул хамгаалалтын ажилтнууд зэрэг нийт 7 байгууллагын 50 гаруй албан хаагч оролцлоо.
Зөвлөгөөнөөр зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хэлэлцлээ.
Тухайлбал, Прокурорын газар болон хорих ангийн удирдлагуудаас хоригдлын эрхийг хангах, хорих анги, цагдан хорих, албадах байруудын ахуй нөхцөлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжид заасан стандарт шаардлагад нийцүүлэх, зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийг хангахад тулгамдаж буй асуудал, хорих ангиудын нөхцөл байдал, хоригдлын хөдөлмөрлөх, эрүү шүүлтээс ангид байх эрх, нийгмийн халамж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, хоригдол, албан хаагчдын харилцаа, хандлага, хорих ангиудын сайн туршлагын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Сэлэнгэ аймгийн ерөнхий прокуророос зөвлөгөөнд оролцогчдод хорих анги, албадах байруудад хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах талаар үүрэг чиглэл өгч, тус прокурорын газраас зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж, мэдээлэл гаргаж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар