ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭСЭН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

A- A A+
ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭСЭН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 98 хүнд холбогдох 93 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь ойн бүс нутаг болох Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна. Тодруулбал эхний хагас жилийн байдлаар Архангай аймгийн прокурорын газар 21, Хөвсгөл аймгийн прокурорын газар 14, Булган аймгийн прокурорын газар 10, Сэлэнгэ аймгийн прокурорын газар 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна. 

- Иргэн Ж.Ц нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс 2026 оны 1 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 5,4 м³  шинэс мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хохирол нөхөн төлүүлөх хуулийн зохицуулалтын дагуу мөрдөн байцаалтын шатанд Ж.Ц-р 2,3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Энэ хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ж.Ц-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөөг устгах, хууль бусаар бэлтгэсэн 5,4 м³ модыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Иргэн танд

Ойн тухай хуульд зааснаар арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван зориулалтаар зөвшөөрөлтэйгөөр зөвхөн огтлолтоор мод бэлтгэх нь  хууль ёсны байна. Тодруулбал гэрээ, зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрсөн тоо хэмжээнээс хэтрүүлж мөн зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” шинжид ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тасдах, цагаалах зэрэг огтлох үйлдлээс гадна модыг технологийн бус аргаар тухайлбал, үндэстэй нь хөрснөөс сугалах, булгалах зэргээр газрын гадарга, хүрээлэн буй орчноос салган авч ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан аливаа сөрөг үйлдэл хамаарна.  

Энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирлыг буюу модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, улмаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтай.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг ойн сан бүхий газар эзэлж, нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа тул иргэд та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн “Байгалиа хамгаалах” журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.

               Ой модоо хамгаалья, Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй.