Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан “Гэрч, хохирогчийг хамгаалах, хамгаалалтын арга хэмжээний үр нөлөө, хүүхэд хамгааллын зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тус сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мандал сум дахь салбар зөвлөлийн гишүүн өмгөөлөгч, сумын Засаг даргын тамгын газрын хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын болон ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, багийн засаг дарга зэрэг нийт 60 гаруй төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангуулах, гэрч, хохирогчийн хуульд заасан эрхийг хангах, зөрчил, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхэд эрсдэлт нөхцөлд орсон тохиолдолд мэдээллийг шуурхай хүлээн авах, үнэлэх, хамгаалалтын арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудал, практикт гарч буй хүндрэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос гаргасан санал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хүүхэд хамгааллын арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Уг хэлэлцүүлэг нь гэрч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудын ойлголт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, практикт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар