Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан Прокурорын байгууллагаас хэрэгжүүлж буй “Хамгаалсан байгаль- Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтарсан хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хууль сахиулах болон мэргэжлийн байгууллага, сум орон нутгийн удирдлага, бичил уурхай эрхлэгчид болон холбогдох иргэд, байгууллагын төлөөллийг болох 50 гаруй иргэнийг оролцуулж, байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, зөрчлийн шалтгаан нөхцөл, түүнээс үүсэх эрсдэл, хор уршгийг бууруулах боломж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг гарсны дараа нь таслан зогсоохоос гадна урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, иргэд олон нийтэд байгаль орчны хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хууль зөрчсөн үйлдлийн үр дагаврыг ойлгуулах, мөн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэв.
Түүнчлэн байгаль орчныг хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн эрх, үүрэг, нийтээрээ хүлээх хариуцлага болохыг онцолж, байгаль орчинд учирсан болон учирч болзошгүй хохирол, эрсдэлийг бууруулахад талуудын хамтын оролцоо, хариуцлагатай үйл ажиллагаа чухал болохыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогч талуудын мэдээлэл солилцоо, уялдаа холбоог сайжруулж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгальд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал, шийдлээ нэгтгэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар